Харүмафүжи Д.Бямбадорж "Алтан тугал" шагналын эзэн боллоо
Японы мэргэжлийн сүмогийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж Монголын үндэсний радиогийн "Таван эрдэнэ" нэвтрүүлгийн нэрэмжит "Алтан тугал" шагналын эзэн боллоо. Шагналыг өнгөрсөн баасан гарагт МҮОНРТ-ийн удирдлагууд Төв аймгийн Баянхангай суман дахь Д.Бямбадоржийн “Харүмафүжи” сүүний фермд очиж гардуулан өгчээ. 48 дахь жилдээ гардуулж буй энэ шагналын 2026 оны морин жилийн анхныхыг ийнхүү тус байгууллага гардан авлаа. Мэргэжлийн сүмогоос 2018 онд зодог тайлсан Д.Бямбадорж “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийг үүсгэн байгуулсныхаа дараа буюу 2023 онд Баянхангай суманд хөрсний доройтолд орсон 200 га газрыг нөхөн сэргээж, үхрийн тэжээл болох эрдэнэшиш, судан өвс тариалж эхэлсэн байна. Улмаар сүүний чиглэлийн монбельярд үүлдрийн үхэр үржүүлэн ашиг шимийг нь хүртэх зорилгоор “Харүмафүжи” фермийг байгуулсан юм. Уг ферм өнөөдөр хамгийн орчин үеийн технологиор 100 шахам үнээнээс өдөрт тус бүр 30 литр сүү сааж, савласан сүү, тараг, цөцгий, зайрмаг үйлдвэрлэн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийнхаа хэрэгцээнд нийлүүлэх төдийгүй нийслэлийн зах зээлд худалдаалж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







